2018-4-29
Болзол хангаж авсан цолыг Ерөнхийлөгч хасах эрхтэй юу?

Хэдхэн хоногийн өмнө уяачдад хамааралтай сонирхол татахуйц зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргалаа. Тус зарлигт Монгол Улсын тод манлай болон улсын алдарт уяач цолыг нь хасах тухай байв. Энэхүү зарлиг гаргсантай холбогдуулан Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол шаардлагыг хангаж авсан улсын цолыг өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч хариуцлага тооцож байна гэх үндэслэлээр зарлиг гаргаж, хасах үндэслэлтэй эсэхийг хууль зүйн талаас товчхон бичихийг оролдлоо.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 1-т “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хуульчлан зохицуулжээ.

 

Тэгвэл Монгол Улсын тод манлай болон улсын алдарт уяач цолны болзол нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл, бүсийн уралдааны хурдан морины уралдаанд хурдан морь нь 4 удаа түрүүлсэн, эсхүл 8 удаа айрагдсан уяачид улсын алдарт уяач ... хурдан морь нь 10 удаа түрүүлсэн, эсхүл 20 удаа айрагдсан уяачид улсын тод манлай уяач цол олгоно” гэж, мөн хуулийн 8.8-т “... уяачийн амжилтыг тооцож цол олгохдоо тухайн уралдааныг зохион байгуулж буй Хурдан морины салбар хороо /комисс/-нд уяачаар бүртгүүлсэн иргэний амжилтад тооцон уг цолыг олгох бөгөөд түрүүлсэн, айрагдсан нэг морины нэг удаагийн амжилт нь зөвхөн нэг уяачид цол олгох үндэслэл болно” гэж тодорхой заан өгч, дээрхи болзолыг хангасан уяач л улсын цол авах тухай хуульчилжээ.

 

Харин энэхүү цолыг нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, олгоно” гэж зохицуулжээ.

 

Хууль зүйн талаас харвал Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүртээсэн цолыг хасах эрх нь хуулиар олгогдсон байна. Харин хуульд заасан тодорхой болзол шаардлагыг хангаж авсан иргэний цолыг хариуцлага тооцож байна гэх үндэлэлээр хасч байгаа нь үндэслэлгүй мэт. Улсын цолны болзол шаардлагыг хангаж байж хүртдэг, хүртсэн цолоо хасуулахдаа мөн хууль зүйн тодорхой үндэслэлээр хасуулдаг эрх зүйн зохицуулалт манай улсад нэн тэргүүнд хэрэгтэй байна. Эрх зүйн нарийвчилсан зохицуулалт байхгүй байдлаас болж цаашид ийм байдал үүсч, хэдэн хүн улсын цолоо хасуулахыг тааварлах боломжгүй юм.

 

Сонирхуулахад:

 

“Дүнжингарав-2018” морин уралдааныг зохион байгуулах комиссын гишүүнээр ажилласан, Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүн дэд Ерөнхийлөгч “Улсын тод манлай уяач” Д.Дагвадорж, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга “Улсын алдарт уяач”  П.Сэргэлэн нар нь Улсын цолгүй хүмүүс байсан бол ямар хариуцлага хүлээх нь мөн сонирхол татахуйц байдлаар үлдэж байгаа юм.

 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон бусад мэдээллийг эндээс үзнэ үү. https://president.mn/?p=3298
31429336_1848262028568098_8138864516550098944_n
Цаашид энэ талаархи асуудлыг илүү нарийвчлан судлах болно.

Сэтгэгдэл:


Усын уувал ёсын дага гэж үг байдаг. Үнэхээр ёсын дагуугүй бол хураах нь болох л асуудал. би бол дэмжиж байгаа
Бичсэн: Мөнх-Эрдэнэ цаг: 11:01, 2018-5-2 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant