2011-09-13
Хүний эрхийг хамгаалах асуудалд Парламент хэрхэн хяналт тавих вэ?

Нэг. Асуудлыг дэвшүүлэх нь

Аливаа улс гүрэн хүний эрх, эрх чөлөөг хэр зэрэг хангаж, хамгаалж байгаагаар нь түүний олон улсын тавцанд эзлэх байр суурь нь тодорхойлогддог. Түүгээр ч барахгүй тухайн улсын хүний эрхийн салбарт явуулж буй үйл ажиллагаа, түүний механизм нь өөрийнх нь нийгмийн хөгжлийн түвшинг тодорхойлох шалгуур болдог.

Тиймээс ч ардчиллын үндсэн шалгуур болох хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хангах явдлыг ардчилсан гэгдэж буй улс гүрнүүд бүхэлдээ төрийн үйл ажиллагааны үндсэн зорилго, зарчмаа болгон үүнийг хангахын төлөө зохих чармайлт гарган ажиллахыг зорьдог.

Харин манай улсын хувьд хүний эрх, эрх чөлөөний талаарх асуудлыг Үндсэн хуульдаа тусгай институтын хэмжээнд нарийвчлан тодорхойлж[1], түүнийг хангах баталгааг бүрдүүдэх явдал нь төрийн үүрэг байхаар тогтоосон.

Тиймээс хүний эрхийн баталгааг хангах, хамгаалах асуудалд Парламентын зүгээс хэрхэн? яаж оролцох? ямар хяналт тавих талаар дараах асуудлуудыг дэвшүүлж онолын маргаан өрнүүлж, хэлэлцүүлэхийг хүссэн билээ.

1. Парламентын хяналт байх нь зөв үү? гэхдээ ямар хэлбэрээр хяналт тавих?

2. Парламент хүний эрхийн байгууллагуудтай /институц/ адил түвшинд хүний эрхийг хамгаалж, оролцох нь зөв үү?

3. Парламент хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааны чиглүүлэгч, зохицуулагч гол хөшүүрэг байх нь зөв үү? аль эсвэл...? гэх асуултын хүрээнд тодорхой шийдвэрлэх гарцыг олохыг хичээсэн болно.

Тодруулахад: Хүний эрхийг хамгаалах байгууллага болох Үндсэн хуулийн цэц[2], Ердийн шүүх, Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаанд парламент хяналт тавих эрхгүй учраас энэ талаар дэлгэрэнгүй дурдаагүй болно.

 Хоёр. Мөн чанар ба үндэслэл, нотолгоо

1. Парламентын хяналт байх нь зөв үү? гэхдээ ямар хэлбэрээр хяналт тавих?

Энэ асуултын хариултыг олохын өмнө парламентын хяналт гэх ойлголтыг авч үзвэл: Үндсэн хуулийн эрх зүйн нэгэн институт. Парламентаас гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хууль биелүүлэх үйл ажиллагааг хянан шалгаж үнэлэлт дүгнэлт үйл ажиллагааг зохицуулж буй хэм хэмжээний нийлбэр цогц[3] байна. Мөн үйл ажиллагааны хувьд парламентын хяналт, шалгалт /цаашид ПХШ/ нь шийдвэр, үр дүн хоёрыг хооронд нь жишиж үзээд таарсныг нь бататгаж, тасалдал, гажигийг арилгаж засах үйл ажиллагаа юм.

ПХШ нь төрийн эрх мэдлийн салаа хоорондын хяналт тэнцлийн зарчмыг хэрэгжүүлэх механизм, гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаанд өгөх төрийн хамгийн дээд түвшний улс төр, эрх зүйн үнэлэмж, хуулийн тасалдал, улс төрийн бодлогын алдаа, хүний эрхийн /механизмын/ гажуудлыг арилгах гол арга хэрэглүүр. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах[4]” нь өөрийн бүрэн эрхийн асуудал.

Тиймээс парламентын хяналт байх шаардлагатай нь харагдаж байна.

 Харин хүний эрхийг хамгаалахад парламентын зүгээс ямар  хяналтыг тавьж болохыг тооцоолж, дараах хүснэгтүүдээс харьцуулан шинжилж, эндээс боломжит хувилбараар парламентын хяналтыг хүний эрхийг хамгаалахад чиглүүлэх гол механизмыг бий болгох хувилбарыг дэвшүүлэхийг оролдвол.

Хүснэгт-1
Хүний эрхийн талаар үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд парламентад хянагдаж эхэлбэл парламент маш их эрх мэдлийг өөртөө авч болох байдал харагдаж байна. Тэгэхээр парламентаас тавьж буй хяналт нь хүний эрхийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хүндрэл гарч болзошгүй тул парламент дээрх хүснэгт-1-ийн дагуу хүний эрхийг хамгаалах хяналтыг тавих нь тийм ч үр дүнтэй бус байх болов уу? Энэ нь тэдгээр байгууллагын хараат бус байдал[5], хэвийн үйл ажиллагаанд ч нөлөөлж болохоор байгааг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс парламентын дээрх хяналт үр дүнгүй юм.

 2. Парламент хүний эрхийн байгууллагуудтай адил түвшинд хүний эрхийг хамгаалж, оролцох нь зөв эсэх?

Хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь Үндсэн хуулиар эсвэл хуулиар байгуулагдсан байх, хараат бусаар, бие даан үйл ажиллагаа явуулах, олон ургальч төлөөлөлтэй байх, санхүүгийн болон хүний хангалттай нөөцтэй байх, хүний эрхийг хамгаалахад чиглэгдсэн эрх хэмжээ нь аль болох өргөн хүрээтэй байх бөгөөд иргэний нийгэмтэй хамтран ажиллах зарчмын үндсэн дээр явагддаг[6]. Харин парламентын үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь нийгмийн харилцааг зохицуулах хуулийг батлан гаргах, түүнийг гүйцэтгэх засаглалын байгууллага хэрэгжүүлэх, түүнд нь парламент хяналт тавих үүрэгтэй[7] байдаг.

Хүснэгт-2

Хүснэгт-2-т заасан зураглалын дагуу оролцох юм бол парламентын үндсэн чиг үүрэг[8] нь алдагдаж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрэх бөгөөд эмх цэгцгүй, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй байдал үүсэхээр байна.

Энэ нь парламент хүний эрхийн талаар хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтайгаа хутгалдан адил эрх хэмжээтэй болж болох зураглал ажиглагдаж байгаа бөгөөд нэг циклд харьяалагдаж, тэднээс ялгагдахааргүй юм. Ийм байдал үүсвэл парламент ямар хяналт тавих зүй тогтол харагдахаа болих аюулын дохио биз.

Тийм учраас парламент хүний эрхийг хамгаалах гэж эдгээр байгууллагатай толгой хүзүүгээрээ холбогдох шаардлагагүй болов уу.

Мөн энэхүү зураглалын дагуу хяналт тавих боломжгүй.
Үндэслэл нь: Нэг тойрог, нэг циклд байгаа зүйл нэгнийгээ хянах боломж мөхөс байх нь гарцаагүй зүйл.

Тиймээс хүснэгт-2-т заасан зураглал хүний эрхийг хамгаалахад парламентын хяналт тавих тэр боломжыг хаагдуулахаар байна.

Мөн хүний эрхийг хамгаалах байгууллага бас нэгээр нэмэгдэхээр байгаа ч юм шиг зүйл ажиглагдаж байгаа бөгөөд тэднээс парламент ялгагдах зүйлгүй болно.

 

3. Парламент хүний эрхийг хамгаалах үйл ажиллагааны чиглүүлэгч, гол хөшүүрэг байх нь зөв үү? аль эсвэл...?

Парламент ямагт хөгжиж, боловсронгуй болж байдаг үзэгдэл. Нийгмийн хөгжил, хүний сэтгэлгээний хүрсэн түвшин, төрийн засаглалын тэнцвэртэй байх, харилцан хянах, хэн нэгний хэрэгт үл хутгалдах зэрэг үндсэн зарчмууд амьдралд жинхэнэ утгаар хэрэгжиж төрийн засаглалын зохион байгуулалтын хэлбэр улам бүр боловсронгуй болох эрх зүйн соёл дээшлэх хэрээр парламент өөрчлөгдөн хөгжинө[9].

Гол шалгуур нь: Парламент, ард түмний харилцааны шинж чанар, парламентын үйл ажиллагааны зохист байдал, төлөвшил; хүний эрх, эрх чөлөөний баталгаажуулалт болно. Үүний үндсэн дээрээс хүний эрх гэдэг бол төрийн тогтолцооны хамгийн эрхэм дээд үнэт зүйл буюу “аливаа эрх зүйн зохицуулалтын туйлын зорилго” байдаг.

Тиймээс парламентын үндсэн зорилго бол парламент-нийтлэг эрх ашгийг тэгш хийгээд шударга хамгаалж, ард түмний эрх, эрх чөлөөний хэмжүүр болсон хуулийг тогтоох байгууллага. Тэрнээс бус хүссэн бүхнээ хянаж шалгадаг эрх дархтан биш.

Хүснэгт-3

Хүснэгт-3-аас парламентын хяналт гэдэг зүйл энэхүү тогтолцооны үндсэн дээр орших нь боломжит хувилбарын нэг байж болох юм. Парламентын хяналт буюу (oversight) нь үндсэн дөрвөн зорилготой байдаг[10]. Энэхүү илтгэлийн тухайд хүний эрхийн хамгаалалтай холбогдож байгаа тул “тунгалаг, оролцоотой хяналт” буюу  хяналтын мэдээлэл авах байдлыг сонсголын хэлбэрээр хэрэгжүүлэх[11] нь илүү үр дүнтэй. Энэ нь засаглалын үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгох хяналтын нэг хэлбэр юм.

Хүснэгт-3-ын тухайд бол өмнөх хоёр хүснэгтэд заасан хяналтаас ялгаатай бөгөөд парламент хүний эрхийг хамгаалахдаа хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааг чиглүүлдэг механизм байх ёстой болов уу.

Тэрнээс бус дотор нь орж ажиллах, эсвэл хатуу хараа хяналт тавьж бүх эрх мэдлийг өөртөө авах гэх оролдлого нь төрийн эрх мэдэл хувиарилах онолыг зөрчиж байгаа ойлголт байж болох юм.

Жишээлбэл:

1. Хүний Эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд хяналт тавих[12] нь өөрөө өөртөө хяналт тавиад байгаа ч юм шиг, эсвэл хийсэн ажлаа ахиад л хийгээд байгаа юм биш үү? гэх асуулт гарч ирж болохоор байна. Харин энэхүү ХЭҮК-ыг Парламент хүний эрхийг хамгаал гэж хуулийг баталж байгуулсан байгууллага.

2. Гүйцэтгэх эрх мэдэлд оролцох хэлбэр нь “Хүний эрхийн ажлын алба”-ны үйл ажиллагааг хянах нь парламент өөрөө гүйцэтгэх эрх мэдлийн зарим үйл ажиллагааг хийгээд байгаа ч юм шиг. Гэхдээ энэ хяналтыг хэрэгжүүлэх эрх нь парламентын үндсэн чиг үүрэгт хамаарч байгаа зүйл.

3. Шүүх эрх мэдлийн хувьд бол хүний эрх зөрчигдсөн талаар эцсийн дүгнэлтийг хийдэг. Шүүхээс гаргасан шийдвэрт хэн ч хяналт тавих эрхгүй[13] байдаг. Парламент хяналт тавилаа гээд хүний эрхийг хамгаалж чадахгүй. Өөрөөр хэлбэл парламентын гол зорилго бол төлөөллийн ардчиллын үндсэн дээр ард түмнээс сонгогдож хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Гэтэл хуулийн биелэлтэнд хяналт тавих үйл ажиллагаатай холилдох гээд байгаа юм шиг зүйл ажиглагдаж байна.

 Дээрх үндэслэл, асуултаас улбаалан дүгнэлт, саналыг дэвшүүлэхэд:

Парламентын хяналт байх нь зайлшгүй зүйл. Гэхдээ хэнд ямар байдлаар хяналт тавих гэдэг нь чухал. Парламентын хувьд хүний эрхийг хамгаалах хуулийг батлан гаргах нь зүйтэй.

Парламентын хяналт нь хүний эрхийг хамгаалахад анхааралаа хандуулахдаа бус тэдгээр хүний эрхийг хамгаалж байгаа байгууллагууд /институт/-ыг хооронд нь зохицуулдаг гол механизм, хөшүүрэг нь байх зүйтэй гэж үзэж байна.

Тиймээс дараах саналуудыг дэвшүүлж байна.

Санал:

·         Хүний эрхийн талаар ажиллахгүй байгаа хэсгийг ажиллуулах,

Хэрэгжүүлэх арга зам нь: Шаардлагатай үед хууль тогтоох эрх мэдлээрээ нөлөөлж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, эсвэл эрх үүргийг нь оновчтой хувиарлаж чиглүүлэх үүрэгтэйгээр оролцох.

Мөн “Тунгалаг, оролцоотой хяналт” буюу  хяналтын мэдээлэл авах байдлыг сонсголын хэлбэрээр хэрэгжүүлэх байж болох юм.

·         Хяналт буюу oversight мөн үү? аль эсвэл зохицуулагч буюу механизмыг ажиллуулагч байх уу? гэдгийг салгаж ойлгон нэг мөр болгох

Хэрэгжүүлэх арга зам нь: Парламент өөрийн үндсэн чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа явуулж хүний эрхийн механизмуудын аль нь ажиллахгүй байгаа, яагаад гэдгийг тодруулж хөшүүрэг байх тэр зүйл гэдгээ ойлгуулах шаардлагатай. Үүний үндсэн дээр болохгүй байгаа харилцааг нь зохицуулсан хуулийг батлан гаргах.


[1] Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг “Хүний эрх, эрх чөлөө” Төрийн мэдээлэл сэтгүүл, 1992 он, №01  

[2] Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д ...Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага...,

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх” үндэслэлээр дүгнэлт гаргана.

[3] Б.Чимид. Парламентын хяналт шалгалтыг төгөлдөржүүлэх нь. “Хууль дээдлэх ёс” сэтгүүл. 2010 он №2, 5 дахь тал

[4] Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д. Төрийн мэдээлэл сэтгүүл, 1992 он, №01

[5] Үүний нотолгоо нь: Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Комисс нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус байх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга, ил тод байх зарчмыг баримтална”.

Мөн хуулийн 3.4-т “Аливаа аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн Комисс, түүний гишүүний үйл ажиллагаанд нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно”.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хууль. 2000 он.

[6] Энэ талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар олон улсын гэрээ, конвенцид заасан хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг зөвшөөрч, түүнийг хангаж, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг бүхий “Парисын зарчим”-ыг гишүүн орнуудад уриалсан.

[7] Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “Засгийн газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг бусад байгууллагын тайлан, мэдээлэл, илтгэл сонсох”,

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад асуулга тавих, түүний хариуг чуулганаар хэлэлцүүлэх” гэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр хуульд тусгайлан заасан байна.

[8] Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж заасан байгаа тул үндсэн чиг үүрэг алдагдах нэг нөхцөл үүсч байгаа юм.

[9] Лүндээжанцан.Д, Өлзийсайхан.Л, Парламентат ёс, УБ., 2005, 2 дахь тал.

[10] Төсөв, санхүүгийн хяналт; Авлига, хүний эрхийн хяналт; Тунгалаг, оролцоотой хяналт; Парламентын үр нөлөө гэсэн дөрвөн хяналт хэрэгжүүлдэг.

[11] Х.Тэмүүжин. Парламент үнэнийг мэдэх эрхтэй. 2010.04.14. http://temuujin.niitlelch.mn/content/1786.shtml

[12] Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухайд Монгол Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гишүүд тангараг өргөснөөр Хүний эрхийн Үндэсний Комиссын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн. Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу байгуулагдсан байгууллага.

[13] Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурал ба Засгийн газрын гишүүн, төр нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”.

Монгол Улсын Үндсэн хууль. Төрийн мэдээлэл сэтгүүл. 1992 он. №01.

Сэтгэгдэл:


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 18:15, 2011-09-22 | Холбоос | |


сайн мэдэхгүй юм. Гэхдээ Тэмүүжин гишүүний санаачилсан Парламентын сонсгол хэлбэр их таалагддаг.
Бичсэн: dadido цаг: 11:23, 2011-09-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax