2011-09-01
Хүний амьдрал 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлдэг

Утга зохиолын нобелын 1964 оны шагналт Жан-Пол Сартрын “ҮГ” хэмээх номыг ихэд шимтэн уншиж билээ. Жан-Пол Сартр өөрийнхөө бага насны тухай маш уран яруугаар дүрслэн бичсэн бөгөөд сэтгэлийг минь ихэд хөдөлгөж, тэрээр хэрхэн ном уншиж сурсан, номын их далайд хэрхэн умбаж байсан тухайгаа өгүүлдэг. Тэр номноос их олон зүйл уншиж мэдэж, бага насны дурсамжаа эргэн санахыг хичээсэн юм.

Жан-Пол Сартр шиг уран чадвартайгаар бичиж чадахгүй л дээ гэхдээ би өөрийн гэсэн багахан дурсамжаа бичиж дөнгөх юм шиг санагддаг юм.

Дурсамж үгүй хүн дуулим хорвоод амьдраад яахав гэсэн афаризм хүртэл орж ирж байх чинь.

Өнөөдөр хүн бүхний хувьд тойроод бус дайраад гарсан 9 дүгээр сарын 1-ний баярт өдөр нь болж байна. Сэтгэл гэгэлзээд хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, ажлын бүтээмж минь өөрийн эрхгүй нэмэгдэж, хүч түрэн намайг чиглүүлэн байгаад баяртайгаар мишээн бичин сууна.

Сайран хацартай, хөл нүцгэн хөдөө хурга ишиг эргүүлж, нийлэх гэж байгаа тугалны араас манаргаж явсаар байгаад хөл нь хагарсан бор хүү эрдмийн мөр хөөхөөр Эрдэнэхайрхан сумын 8 жилийн сургуульд анх орж байсан минь саяхан мэт нүдэнд төсөөлөгдөн, баярын баяслын бахдал цээж дүүрэн хураад ч байх шиг.

Цэцэрлэгт байхад хурдхан шиг л сургуульд орох юмсан гэсэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн байснаа бүдэг бадаг санагалзаж сууна.

Хүний сэтгэлд өнгөрсөн бүхэн улирах цагийн ирэхээр бүдгэрэн, зарим нэг нь мартагдах хэдий ч, бас хэзээ ч үл мартагдах дурсамж, дурдатгалууд гэж байх юм. Тэртээгээс яг 14 жилийн өмнө “А” үсэг заалгахаар аав ээжийн энхрийхэн үрстэй хамт нэг ширээнд тохой нийлүүлэн суухаар нэгдүгээр ангид дөнгөж орж билээ. Юугаа ч мэдэхгүй сайран хацарласан надад тухайн өдөр сургуулийн анхны хонхыг цангинуулан дуугаргах хувь заяа тохиолдож байсан юм. Ингээд би эрдмийн мөр хөөн, хүн болохын тулд суралцаж эхэлсэн.

1 дүгээр ангид Үсэглэлийн баяр болдог. Би “Б” үсэг болж, юу гэж хэлж байснаа санаж байна.  Би “Б” үсэг байна: Бичиг ном сургаж билгийн хараа оруулсан багшийнхаа тухай байн байн дурсаж яваарай” гэж хэлсэн. Одоо бодоод байхад багш минь их л алсын бодолтой үг хэлж байждээ гэж бодогдох юм. 14 жил гэдэг эргээд бодоход идэр насанд хүрсэн надад саяхан мэт дурсагдана. Аав ээжийн минь хувьд хүртэл өчигдөрхөн мэт санагдаж байна гэсэн.

Би багшийгаа мартаж чаддаггүй, мартах ч ёсгүй гэж боддог.

Амьдралын жижүүр ургуулсан “А” үсэг заасан багшийгаа хэзээ ч бид мартах ёсгүй. “Алт мөнгийг уул мэт овооловч А үсэг сурсанд хүрэхгүй” гэж ардын зүйр үг байдаг. Тиймээ А үсэг сураагүй хүн алт мөнгийг уул мэт овоолж хураасан ч гэсэн түүнд хүрэхгүй.

Хүүхэд насны балчирхан дурсамж, хөгтэй явдал, хүнд байдалд орж байсан цаг мөч, гэрийн даалгаваараа хааяа хийдэггүй байсан том толгойлсон өдөр, тоглож наадаад ялж, ялагдаж байсан гэрэлт үе, том болохыг хүсч мөрөөдсөн өсвөр үе бүхэн минь энэ 9 дүгээр сарын 1-ний өдрөөс л надад ирсэн юм.

Энэ өдөр би шинэ эрч хүч мэдэрдэг, энэ өдөр ширээний ард суусан хүүхэд багачуудын хувьд шинэ амьдрал эхэлдэг.


Б.Төрболд twitter ID5: Turbold7

Сэтгэгдэл:


сайхан дурсамж байнаа. ажлын амжилт хүсье
Бичсэн: Зочин цаг: 16:10, 2016-09-01 | Холбоос | |


Haranhui: Bayarlalaa turbold_tr@yahoo.com minii id
Бичсэн: Turbold цаг: 01:02, 2012-03-05 | Холбоос | |


amidral
баярлах id ga uldej boloh uu.. uneher goy bichdeg yum bna amjilt
Бичсэн: haranhui (зочин) цаг: 00:09, 2012-03-04 | Холбоос | |


алга ташилт анд зүгэр ажилаа хийж байсан хүнийг догдлуулаад хаячих юм хэхэ
Бичсэн: BJ (зочин) цаг: 14:48, 2011-09-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax