Энэхүү тэмдэглэлийн дэвтрийг нээн бичиж буй өнөөдрийн мэндийг эрхэм хүндэт утга уран зохиол, түүх судлаач, уянга яруу сэтгэгч, муу муухай байдалтай үл дасан зохицогч, агуу мөрөөдөгч Анне Франк чиний гэгээн дурсгалд зориулан бичиж байгаадаа туйлын баяртай байна.
Тэмдэглэлийн дэвтэрт ямар гайхалтай зүйлийг тэмдэглэн үлдээж болдогийг өөрийн чинь өдрийн тэмдэглэлээс уншаад гайхан биширч, ухааран ойлгож авснаа тэмдэглэхэд үнэнхүү бахдалтай гайхширлыг төрүүлнэм.
Энэ бүхнийг бичиж буй хатуу улаан хавтастай тэмдэглэлийн дэвтэр бол өчүүхэн миний анхны бие даасан “Эхлэл” номны нээлтэнд уригдан ирсэн эрхэм нөхдүүдийн минь дурсгал болгон өгсөн бүтэн жил 3 сарын хугацаанд юу ч бичилгүй нандигнан хайрлан хадгалж байсан дэвтрийн минь нэг билээ. Энэ дэвтрийн минь хуудсыг нээн бичих шалтгаан нь болсон эрхэм Анне чамд талархалаа илэрхийлье.
Чиний гайхалтай хүнийг өөртөө татах чадвар, эгшиг яруу бичгийн чадварыг чинь уншин бишрээд, сэтгэл өөрийн эрхгүй догдлон зөвхөн энэ үдшийг чамайг бодон санаашран баясал тодруулан сууна. Би 15-н настайдаа чам шиг л хүсэл мөрөөдөлтэй дэврүүн эрмэлзэлтэй хүүхэд байснаа эргэн дурсахад бага насны минь гэгээн дурсамж, хүсэл тэмүүлэл, урт холын бодол минь оргилон ундрах шиг сэтгэгдэл цээжин дотроос төрнө.
Чи хайртай тэмдэглэлийн дэвтрийнхээ мөр бүхнийг 2 жилийн хугацаанд хэрхэн ашиглан бичиж, хэрхэн нандигнаж байсныг чинь төсөөлөн суухад өөрийн эрхгүй чамд татагдаж байгаагаа би ухаарнам.
Нашист Германчуудад баригдан хорих лагерт очихоос өмнөх хоёр жилийн хүнд хэцүү үед байшингийн дээврийн жижиг өрөөнд өлөн зэлмүүн, ядуу тарчиг, эрх чөлөөгүй амьдарч байсан ч хүсэл тэмүүлэл, эрх чөлөө, гэрэлт ирээдүйгээ төсөөлж, муу муухайг сайн сайхан амьдрал мэт ургуулан бодож өөрийн зовлон шаналалаа мартаж тэр бүхнийг тэмдэглэж байсныг чинь бодохоор чамаар өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрөх юмаа.
Харин Анне минь чи миний амьдарч буй энэ эрх чөлөөт нийгэмд хэрвээ амьдарч байсансан бол өөрийн дураараа хүссэн зүйлээ бичээд дэлхийн сонгодог чөлөөт чиглэлийн суут зохиолч, утга зохиолын Нобелийн шагналыг зүй ёсоор авах хүний нэг байсан гэдэгт би эргэлзэхгүй байна.
Еврей хүн бол хүн биш байсан тэртээ 1940-өөд он бол хүн төрөлхтний хувьд хар дарсан зүүд шиг он жилүүд байсан гэж би энд тэмдэглэхийг зориуд хүсч байна. (Чамд л гэж хэлэхэд Анне: миний өвөг дээдэс хүртэл Манжийн дарлалд 220 гаруй жил дарлагдаж унтаа байсан хар бараан он жилүүдийг түүхийн алтан шастираас эргүүлэн уншихад өөрийн эрхгүй хойморьт нь асаалттай зулыг бөхөөж сэтгэлд нь дарангуйлалын бараан сүүдэр ноёлуулж байсан тэр хэцүү бэрх үеийг туулсныг нь бодохоор сэтгэл эмзэглэж явдагаа чамаас нуугаад яахав. Тэд хэдэн арван жил бус хэдэн зуун дамжин дарлагдсан гэхээр бичихээс ч эгдүүцэл төрмөөр. Гэхдээ сэтгэлийн шарх гэдэг удаан анидагийг чи ч надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ. Зөвхөн энэ бүгдийн хариултыг цаг хугацаа л өөрийн шалгуураар одоо цаг дээр хариултыг нь өгч байх шиг. Анне чи одоо бусдын хувьд түүх болон үлдэж байна.)
Чамайг би энд дурсан орчлон хорвоогийн эрээн барааныг эргэцүүлэн суухад бурхан чам шиг сайхан сэтгэлтэй хүмүүсийг өөр дээрээ авах гээд л энэ хорвоод богино наслуулдаг юмуудаа? гэх хий хоосон бодол толгойд зурвас хийн эргэлдээд өнгөрлөө.
Чиний дэврүүн өөртөө итгэлтэй зан, хүний араншинг зөв тодорхойлдог сийрэг ухаан, өөрийнхөө байх чадвартай шийдэмгий төрх, өрөөлд өөрийгөө зориулах хайрын сэтгэлийг чинь бодохоор өнөөгийн миний амьдарч байгаа нийгэмд үгүйлэгдэх шиг. Хэрвээ чи надтай нэгэн үед амьдарч байсан бол энэ хүмүүсийг хараад мэдээж инээд чинь хүрч бүр хөхөрч унахыг чинь би төсөөлж байна. Чи надаас яагаад энэ хүмүүс өөрийнхөөрөө байж чаддаггүй, хэн нэгнээс дандаа айж, хоолоо хулгайд алдсан муур шиг, эрх чөлөөтэй хирнээ дотоод сэтгэлээ илэрхийлж чаддаггүй юм бэ? гэж гайхан бас л асуух байсан биз. Би даан ч энэ асуултын чинь хариултыг хайгаад олохгүй юм даа Анне минь...
Хэрвээ Анне чи тэнгэрийн орноос миний бичиж байгаа зүйлийг уншиж байгаа бол инээд баясал тодруулж бас чимээгүйхэн уйлан уншиж байгаа бол чамд хандаж сараачсан үгс минь хүрсний илрэл тэр.
Чи хэзээ ч, хэн ч чиний энэ гайхамшигт өдрийн тэмдэглэлийг чинь чамаас зөвшөөрөл авалгүйгээр уншиж зүрхлэхгүйг төсөөлөхгүй байсан л байхдаа. Гэвч ази тивийн зүрхэнд орших Агуу Монголын өөртөө итгэлтэй нэгэн залуу уншаад энэ зүйлсийг чамд зориулан бичиж байна гэхээр сонин бөгөөд итгэмээргүй байгаа биздээ? Би чам шиг уран яруу бичиж чадахгүй л дээ. Гэхдээ өөрийн хайрлан хүндэтгэдэг хүмүүсдээ зориулан хэнээс ч айж ичилгүйгээр, хэн ч үүнийг уншихгүй байх гэж яг л чам шиг тэдэнд зориулан бичсэн шүлэг, дурсамж, таталган бичсэн мөртүүд надад хадгалаастай.
Анне би чамаас ХАЙР гэж юу юм бэ? гэж асуухад чи юу гэж ч хариулж мэдэх хүн шүү. Гэхдээ миний бодлоор ХАЙР гэдэг чиний, миний зүрх сэтгэлээс урсан гарах энэ л дотоод сэтгэлийн үгс, нууцхан шаналал, эмгэнэлтэй мөртлөө уянга яруу зүйлийг би омог бардам бус онцгой даруухнаар илэрхийлэн хэлэх байна.
Тиймээ чамд зориулан энэхүү зүйлийг бичин суухад ахиад л хаяа магтуулах дуртай чамайг магтмаар болох юм. Чи өөрийгөө их тэвчээртэй, хэзээ ч бууж өгөхгүй хатан зориг, ундраад ундраад шавхагдан дуусашгүй хүсэл тэмүүлэлтэй, гараа чилтэл бичих уйгагүй хөдөлмөрч гэдгийг чинь дахин дахин онцолмоор байх юм. Хатан зориг гэдгийг чи надаас тайлбарлаад өгөөч гэж дахиад л асуувал би ингэж хариулах байсан. (Чи ч дандаа хүнээс элдвийг шалгааж байх юмаа J)
Эмэгтэй хүний уян зөөлөн, хэнд ч өөрийгөө түрүүлэн нээн илэрхийлдэггүй тэвчээр хатуужилтай занг хэлж байгаа юм шүү Анне минь.
Монгол хэлэнд “үг олдож үхэр холдлоо” гэдэг зүйр үг байдаг юм. Ямартай ч чиний өдрийн тэмдэглэлийг уншаад өөрийгөө би дахин өөрөөр харах болсныг энд цухас тэмдэглээд “БАЯРЛАЛАА” гэсэн ганцхан үгээр энэ бүхнээ дуусгая. Бурханы оронд заларсан ч дотоод сэтгэлд минь амилсан Анне минь амгалан нойрсоорой.
Хүндэтгэсэн,
Б.ТӨРБОЛД 2011.12.14 Лхагва гараг 02:45 минут
Цолмон: Баярлалаа. Залуу эмэгтэйн захидал гээд хайхад гараад ирнэ хө.
Санаандгүй уншигч: Ном унших ч гоё шүү хө. Зөвлөх нь хаашаа юм зүгээр л уншаад бай...
Төмс арилгагч: Баярлалаа.