2012-03-19
ҮНЭН БОЛООД АМТГҮЙ НУЛИМС

          Ажилдаа ирэх зуураа нэлээд хэдэн сарын өмнө уншсан номныхоо талаар эргэцүүлэн бодосны эцэст энэ талаар цухас бичихийг зорьлоо. Энэ тухай бичнэ гэж бодож байсан хэдий ч амжихгүй явсаар өдий хүрчээ. “Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдгийн адилаар өнөөдөр нэг бичиж байна.

Энэхүү бодролын нэр нь “Үнэн болоод амтгүй нулимс” гэж нэрлэснийг уншигч та унших явцын дунд бага ч болов ойлгох бизээ.

 Миний уншсан ном бол сэтгүүлч Барбара Дэмикийн бичсэн Хойд Солонгосчуудын бодит амьдралаас сэдэвлэн бичсэн “Атаархах зүйл үгүй” ном билээ. Би энэ номыг яагаад унших болсон шалтгаан бол хүний “үзэл суртал”-тай холбоотой. Учир нь өнгөрсөн 2011 оны 12 дугаар сард Хойд Солонгосын агуу их удирдагч ард түмний хайртай хүү Ким Чен Ир хорвоогийн мөнх бусыг үзсэн билээ. Ум мани бадмэ хум...

Гэтэл хайртай хүүгээ алдсан Хойд Солонгосын ард түмэн ямар ихээр гашуудан уйлж, тэр байтугай 11 өдөр гашуудал зарласныг хэн хүнгүй л санаж байгаа байх. Хүний нулимсыг ийм ихээр урсган, дэлхий дахины анхаарлын төвд орж чадсан тэр хүний удирдаж байсан ард түмний амьдралыг нь бага ч болов уншиж судлах үүднээс энэхүү номыг унших хүсэл төрсөн билээ.

Шинэ мэдээлэл олж авна гэдэг аливаа нэгэн зүйлийг хүлээж аваад зүгээр суухгүй байхыг хэлэх шиг.

 11 өдөр гашуудал зарлан уйлах болсон шалтгаан юу байсан юм болоо?

Бид капитализм, комунизм гэж мэднэ. Тэгвэл комунизм гэдэг зүйл сонгодог утгаараа оршин тогтнодог цөөхөн хэдхэн улсуудын нэг нь Хойд Солонгос буюу Ардчилсан Солонгос улс.

Энэ бүс нутгийн хүмүүсийн талаар хүмүүс хүссэн мэдээллээ авахад хомс байдаг. Учир нь энэ улсад интернет гэдэг зүйлийг ард түмэн нь хэрэглэхгүй, тог цахилгаан байхгүй, телевизийн хэдхэн сувагтай гээд дурьдвал урт жагсаалт үүсгэж магадгүй л юм. Ардчилсан Солонгост хүн гэдэг чинь өөрийн эрх дураар бус хүний хий гэснийг хийж, мөлх гэсэн газар нь мөлхөж, их удирдагчийн өгсөн удирдлага заавраар амьдарч, агуу удирдагчаа өөрийн бурхан мэт үзэн шүтэх ёстой гэх хандлагыг нь хүн болж төрсөн цагаас нь ухамсар оюун ухаанд нь суулгадаг болохыг мэдэрлээ. (Жич: Хэн нэгнийг доромжлоод байгаа зүйл биш гэж бодож байна. Энэ бол бодит үнэн)

            Ким Чен Ирийн эцэг Ким Ир Сенийг 1994 онд бурханы оронд зарлахад 500.000 хүн түүний хөшөөний дэргэд мэгшин уйлж, гашуудал илэрхийлж байсан гэдэг.

           Тэр үеэр “5 настай охин онцгойрон эхэр татан уйлж байгаа харагдах ч худлаа жүжиглэн гараараа шүлсээ нүүрэндээ хүргэж байсан гэж” тус номонд дурсан байдаг. “Хэрэв чи уйлахгүй бол муу хүн болно” гэж ээж нь хэлсэн гэж охин үнэнээ дараа нь хэлсэн гэдэг. Авсаарсан дүгнэлт хийхэд 5 настай хүүхдийг ингэж уйлуулж байгаа юм чинь бусад нь хэрхэн яаж уйлж байгаа нь тодорхой бизээ.

            Аяа энэ амьдрал гэдэг чинь 5 настай хүүхдийн жүжиглэн уйлж буй дүр зураг уу, хэмээн бодогдном. Хүний хэрхэн жүжиглэн уйлж буй дүр эсгэлтээс нь цаашдын ирээдүй ажил хөдөлмөр эрхлэх зүйл шалтгаална гэхээр айдас, огиудас төрмөөр.

Мөн хүн бүхэн үнэн болон худал уйлдаг, үнэн уйлж байгаа эсэхийг нь бусад нь ажигладаг гэхээр тагнуулчид аятай байгаа юм. Гэхдээ үнэн сэтгэлээсээ уйлж байгаа нь хүмүүсийн дийлэнхи олонхийг нь эзэлдэг гэнэлээ. Учир нь тэднийг зөвхөн их удирдагчийн ивээл дор байх, удирдагчаа “бурханы хүү” мэт шүтэж хорвоогийн эзэн хэмээх үзэл сурталд багаас нь хүмүүжүүлэн сургадаг. Үүнээс үүдэн хэн нэгнийг мухар сүсэг бишрэлээр шүтэж, тэр хүн л бидний аврал өөр хэн ч биш гэсэн байдал бий болдог.

Нэгэн жишээ хэлэхэд, Удирдагч нь нас барж байхад энэ орчлонд байхгүй хүнд гарз тохиолдсон мэт уйлж байсан эмэгтэй өөрийн эр нөхөр, амьнаас нь тасарсан амь болох хүүхэд нь хайрт удирдагчийн буруугаас нь болж өлсгөлөнгөөр үхэж байхад дусал ч нулимс гаргаж байгаагүй гэж өгүүлсэн байдаг. Энд би дүгнэлт хийх гэж хичээхгүй байна. Уншигч та өөрийн ойлголт, үзэмжээр дүгнэлт хийсэн нь дээр болов уу,

 Энд би ингээд бичиж байгааг минь 25-90 жилийн өмнө Монголд амьдарч байсан хүн уншвал намайг галзуурсан солиотой, задарсан, буянгүй, төрийн эсэргүү амьтан гэж бодох байсан бизээ. Эсвэл би хэлмэгдчихсэн ч байж магадгүй. Учир нь Хойд Солонгосын ард иргэдтэй адил тийм нийгмийг бид тойроод биш туулаад тэр байтугай 70-н жил сэлүүрдэж, элгээрээ мөлхөх нь мөлхөж, өөр бусдыг дарамтлах нь дарамталж , хүлцэнгүй номхон загнаж ирсэн түүх ч бидэнд бий. Энэ түүхийг харин үгүйсгэх эрх хэнд ч байхгүй гэж санагдана.
Нэг хүнийг шүтэх хандлага дагамгайлж байсныг ч гэсэн олон л хүн ярьдаг, бичдэг. Тэр битгий хэл өвөө эмээ, бүр наашлахад аав, ээж минь комунист нийгмийн бүтээгдэхүүнүүд гэж ярьцгааж, их удирдагчыг шүтэж байсан түүх саяхны 20-иодхон жилийн өмнө шүүдээ. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалыг бид шүтэж байсныг түүхийн алтанхан хуудаснаа үлдсэн байдаг. Тиймээ бид хүртэл ийм дарангуйлалын нийгэмд амьдарч л ирсэн. Харин одоо бол үгүй ээ...

 Дээрхи зүйлийг үзэж туулаагүй би бээр омголон халуун, эрс шийдмэг  амьдарч байгаа нийгэмдээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ардчилал эрх чөлөөний үнэ цэнийг ойлгохыг хичээнэ.

Эргээд л дурсахад эгэлгүй их найрагч Р.Чойном хэрэвзээ энэ зуунд төрсөн бол гайхамшигтайгаар бичсэн шүлгийн мөртүүд нь хэлмэгдэхгүй, үзэл бодлоо чөлөтэй илэрхийлснийхээ төлөө шоронд хоригдохгүй байсан бизээ. Үзэл санааны эрх чөлөөгүй байна гэдэг хувь хүний оршин байх үндсийг үгүй хийж буй дарангуйлал аятай санагдана.
 Намайг өөрийн үндэсний түүх, бусдын амьдарч буй нийгмийг буруушааж байна гэж хэн нэгэн хэлэх л байх. Би бусдыг үгүйсгээгүй гагцхүү хувь тавилангийн эргүүлэг гэж хэн нэгэнд байдаг болохыг анзаарах гэсэн юм. Одоо бидний амьдарч байгаа нийгмийг хэзээ нэгэн цагт бидний үр хүүхэд ололт, дутагдлыг ямар нэгэн өнцөгөөс нь харж өөр өөрийн байр суурьнаас хандан бичнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ нь жам ёсны зүйл юм.

Хүн бүхний амьдрал өөр өөрийн хэв маягаар оршин амьдрагдахаар заяагдсан. Гагцхүү ингээд бичиж суугаа амьдралын утга нь өөрийнхөөрөө өөрийгөө илэрхийлэх нь хамгийн нандин зүйл гэдгийг залуус бид өчүүхэн ч гэсэн ухамсарлахыг хүснэ.

 

Жан Поль Сартр – Эрх чөлөөтэй байхаар яллагдсан хүн энэ орчлонгийн хамаг хүнд хүчрийг мөрөн дээрээ үүрч явдаг юм гэж хэлжээ. Тиймээ эрх чөлөөт энэ нийгэмд амьдарч байгаа бид зүрх сэтгэлээсээ уйлж, зүрхний гүнээсээ инээмсэглэдэг нийгэмд амьдарч байна. Хорвоогоор нэг боломж байдаг гэдэг.  Хорвоогоор харин үнэн болоод амтгүй нулимс бүү байгаасай билээ.

        

Сэтгэгдэл:


qwerty: Баярлалаа.

Oogii: Энд сэтгэгдлээ биччихээ. Эсвэл turbold.tr@gmail.com хаягруу майл бичиж болно.
Бичсэн: Turbold цаг: 15:05, 2012-04-15 | Холбоос | |


Orj iwel hariu heleech :D
Uuchlaarai bi ooros chin heden yum asuuuh gesiimaa ene niitelsen zuilsees.... tgd holbogdoh arga bnuu??? mail hayg ntr
Бичсэн: Oogiii цаг: 21:49, 2012-04-08 | Холбоос | |


Goy nom bololtoi.Tnx.
Бичсэн: qwerty (зочин) цаг: 09:54, 2012-03-24 | Холбоос | |


хэрэв Р.Чойном одоо үед амьдарч байсан бол түүний шүлгийн мөртүүд нь бидэнд тийм ч сүрхий гайхамшигтай мэт санагдахгүй байх байсан биз ээ. Учир нь Р.Чойном тухайн үеийн нийгмийг л шүүмжилсэн хэрэг. Бид нэг хүнийг тахин шүтдэг нийгэмд амьдарч байсаан. Тэр үед Зөвлөлтийн УТТ-ны тэргүүлэгч үхэхэд монголд 14 хоног гашуудал зарлаж, радио, телевизээр гашуудлын тэнэг аянаас өөр юу ч явдаггүй байсныг би тодхон санаж байна. Гэхдээ ардчилсан нийгэмд ч гэсэн нэг хүнийг тахин шүтдэг биз дээ? Тэр нь Есүс Христ, Ариун Мухаммед, Будда гэх зэрэг бурхдын сургаалийг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн өөрчилсөн нэг ашиг сонирхол бүхий бүлгийн халхавчилсан үйл ажиллагаа байдаг. Ямар ч ялгаа байхгүй. Бид сонгуулиар одоогийн 76-г бүгдийг нь өөрчилсөн ч гэсэн юу ч сайжрахгүй, юу ч өөрчлөхгүй. Учир нь шинээр сонгогдох хүмүүсийн ард нууц ноёнтон нь мөнөөх хуучин хэд маань л байх болно. Харин нийгмийг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй. Тэгж чадах юм бол харин чиний бичсэн шиг сайн сайхан нийгэм тогтож магадгүй Юм.
Бичсэн: amaahai76 цаг: 23:30, 2012-03-23 | Холбоос | |


Ардчилсан нэрээр манайх ч гэсэн зарим зүйл дээр хаалттай, хэлэх эрхгүй байгаа гэж би боддог ш дээ
Бичсэн: tamerlan13 цаг: 13:31, 2012-03-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant
idiomatic-dormant



:-)
 
xaax