
Өнөөдөр их сонин бөгөөд хачирхалтай өдөр байна. ЭХЛЭЛ нэртэй номынхоо нээлтийг хийх гээд эрдэмтэн багш нар, эрх зүйн ангийн оюутнууд, багын найз нөхөд, хамаатан саднаа уриад 10 цагт МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн “Эрдмийн танхим”-д хийхээр болов. Уригдсан хүмүүс яг цагтаа 10 цаг гээд хүрэлцэн ирээд байраа эзлээд сууцгаав. Гэтэл нөгөө нэг нээлтийг нь хийх гээд байгаа ном маань байдаггүй ээ. Харамсалтай байгаа биз. Хэвлэлийн газар луугаа утас цохисон чинь 09.30 минут гээд аваачаад өгнөө гэх хариуг өгөв. Тэгэж хэлээд утсаа авалгүй бүтэн хоёр цаг гаран таг болдог байгаа. Тэгэхээр нь бүтэн хоёр цаг хэвлэлийн газрын хүмүүс рүү утастай хүн бүхэн залгав. Тэгсэн ч хариу байдаггүй таг байсаар л. Миний хувьд аргаа барна гэдэг болдог байгаа. Яах ч учраа олохгүй зүгээр л тайван байхыг хичээлээ. Уригдсан хүмүүс маань тэвчээр гарган номыг минь хүлээсээр л. Тэрэнд нь баярлаж байгаа илэрхийлэх нь зүйтэй болов уу.
Хүлээж утас руу нь залгаад сүүлдээ залхав. Тэгсэн харин нөгөө хэвлэлийн хүн маань утсаа аваад одоо очиж явна гэсэн сайхан хариу хэллээ.
Номыг хүлээж байх зуур олон зүйл болж өнгөрлөө. Хүн бүхэн л миний сэтгэл санааг засаж, аль болох гэгээлэг сайхан зүйлийг ярьж байв.
Оюутны холбооны дарга Төрөө зүгээрээ ийм юм байдаг ш дээ. Чи кино үздэг биздээ. Кинон дээр дурлалт залуус хуримаа хийх гээд байхад хуримын Ханхүү нь ирэхгүй байж байж байгаад ирээд кино маш гоёоор төгдөг. Чиний ном яг л тийм сайхан байдлаар нээлт чинь хийгдэж, олонд хүрэх болно гэж хэлэв.
Гурван давхарт багш нарын өрөө рүү ороод учраа хэлтэл. Номын босго үгийг нээж, хянан тохиолдуулсан Д.Баярсайхан багш “Хүү минь зүгээрээ багшид нь хүртэл ийм зүйл тохиолдож байсан юм”. Эхлэх цаг чинь арай л болоогүй байгаа юм байна гэлээ.
Б.Амарбаясагалан багш Монголд амьдарч байгаагаа сайн санах хэрэгтэй. Монголчууд бид аливаа зүйлд хайхрамжгүй ханддагийн нэг илрэл гээд зүгээрээ л гэж хэлэв.
Багш нараасаа ийм үг сонсоод бага ч болов тайвшираад Эрдмийн танхимд орлоо. Эхлэх цаг нь л болоогүй юм байна даа гэж дотроо бодов. Нээрээ тийм ч юм шигээ. Эхлэх цаг нь 10 цаг биш 12.12 минут байсан юм билээ. Хүлээж хүлээж ном маань Морин цагт нээлтээ хийх ёстой байсан юм байлгүй дээ хэхэ.
Харин нээлтийн үйл ажиллагаа маш сайхан болов. Нээж Хууль Зүйн Шинжлэх ухааны доктор, проф, сургуулийн дэд захирал Н.Лүндэндорж, Хууль Зүйн ухааны доктор, проф Д.Баярсайхан багш нар үг хэлэв.
Номны талаар хүмүүс сэтгэгдлээ хэлж, надад урмын халуун үгийг чин сэтгэлээсээ хайрлаж байсныг сонсоход ахиад улам илүү ихийг хиймээр санагдаад дотроос нэг зүйл огшоод байсныг энд нуугаад яахав.
Ямар ч байсан ЭХЛЭЛ нэртэй хүүг яаруухан гар дээрээ барьж үзээд нээлтийг нь хийж бага зэрэг тайвшраад үүнийг бичиж сууна.
Одоо бичээд сууж байхад би ямар нэгэн зүйлийг хүлээх л ёстой юм шиг санагдаж байна. Хүлээх шиг жаргал ч гэж юу байхав. Гэхдээ өнөө өглөөнийх шиг хүлээлтийг хүлээх шиг хэцүү зүйл байсангүй. За ямар ч байсан ЭХЛЭЛ эхэлчихлээ. Одоо улам л эрч хүчтэй урагшаа харж амьдарнаа. Бас хүлээхээ мартахгүй ээ.
Өнөөдөр номын нээлтэнд ирсэн бүх хүмүүст үнэнхүү талархаж байгаагаа илэрхийлье.
Номын нээлтэнд ирж амжаагүй ч гэсэн та бүхэн “ЭХЛЭЛ”-ийг нэг уншаад үзээрэй. Танд л зориулж энэ номыг бичсэн юм шүүдээ.
.jpg)